mongolia_nuudel_hiih_yos

Монголчууд НҮҮДЭЛ,СУУДАЛ хийх нарийн дэгтэй үндэстэн

~Монголчууд НҮҮДЭЛ,СУУДАЛ хийх нарийн дэгтэй…~

Монголчууд өдрийн сайныг сонгон нүүдэл суудал хийж, гэрээ барьдаг. Урд нь айл бууж байсан буурин дээр гэр барихыг айлын муу энерги шингэнэ гэж үзэж цээрлэдэг.

Монгол гэрийг хэдхэн тэмээ болон сарлагт ачаад нүүж болдог, богино хугацаанд хурааж, барьж болдогоороо онцлог. 6-с доош ханатай нэг гэрийг 2 эр хүн нэг цагийн дотор буулгах юмуу босгож чаддаг байна. Нүүдлийн замд байгаа айл нүүдэл хийж байгаа айлыг угтан очиж цай, идээгээр дайлдаг, гэр барьж байгаа айлтай тааралдвал заавал очиж тусалдаг ёс жаягтай. Гэр барьж байгаа үед хэрүүл маргаан хийхийг цээрлэдэг бөгөөд тэр айлд хэрүүл маргаан тасрахгүй гэж үздэг.

Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай. Эхлээд шалаа тавьж, түүн дээрээ тооно, авдар зэрэг том хэмжээтэй эд юмсаа тавьдаг. Дараа нь хаалгаа босгож, баруун урдаас эхлэн ханаа угсран босгож, бүслүүрээр татан бэхэлнэ. Хамгийн ахмад хүн эсвэл том хөвгүүн тооноо өргөж баганаа тулгаж байрлуулна. Тал талаас нь гэрийн унийн дээд үзүүрийг тоононы ховилд, нөгөө үзүүрийг хананы толгойд бэхлэж тогтооно.

Дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, бүслүүр татах, өрх тавих, зуух яндангаа угсрах, хатавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтайгаар үргэлжлүүлнэ. Хамгийн сүүлд хөшгөө татаж, тавилгаа тавина. Буусан газартаа чанасан анхны цайныхаа дээжийг нар зөв тойруулан буусан газрынхаа уул усанд өргөж, сайн сайхныг хүсдэг уламжлалтай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих