mongol_boh

Монгол бөхийн барилдаанд АМ АВАХ гэдэг нь…

Бөхчүүд цол, амжилтын эрэмбээр барилдах бөхөө нэр заан сонгон авч барилдахыг ам авах гэнэ.

Зөвхөн 1,2,4-н даваанд бөхчүүд хоорондоо оноолтоор буюу цолны эрэмбээр хамгийн эхэнд бичигдсэн бөх хамгийн сүүлд бичигдсэн бөхтэй барилдана. 1,2,4-н даваа, үзүүр түрүүний барилдаанаас бусад даваанд ам аван барилдана.

Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчийн мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг магнайн тус газраас нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ.

Бөхчүүд засуулынхаа мөрөн дээр гараа салгалгүй эргэж дэвэн хөлөө дэвслэх нь анд нисэх гэж буй бүргэд адил үйл юм. Засуул “тавих уу” гэж асуухад “тавьяа” гэж хариулахаар нь малгайг нь аваад бөхөө тавидаг нь анд нисэж буй бүргэдийн нүдний боолтыг авч байгаатай адил санааг илэрхийлнэ. Бөх хүчээ авч буй шувуу адил гүйн дэвж гарч ирдэг.

Монгол бөхчүүд эрт дээр үеэс бүргэд, харцага, шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэж, барилдахын өмнө гараа ба дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхааг харуулахын зэрэгцээ бие халаалт нь болдог байна. Бөхийн дэвэлтийг бага, дунд, хангал, их дэвэлт гэж ялгадаг.

~Монгол бөхийн барилдаанд АМ АВАХ гэдэг нь…~

Бөхчүүдийн дэвэлтээр хэдийн даваа явж буйг ялгаж мэддэг байна. Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь унасан ч өс хонзонгүй байх утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм.

Шаваа нь: бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн жигүүртний дэвэх хөдөлгөөнийг 3 удаа хийгээд, нөгөө тал руу харж мөн адил хийгээд, гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.

Шавалт нь том шувуу явгалан буух мэт хөдөлгөөн бөгөөд барилдахын өмнөх бүх биеийн халаалтын төгсгөл, ялангуяа нурууны үеийн халаалт юм. Давсан бөх унагасан бөхөө дэмнэж босгоод давснаа илтгэн туг, сүлдний зүг дэвэн ёсолж, нар зөв эргэн, дэвэлгүйгээр буцаж ирэхэд унасан бөх унагасан бөхийн өргөсөн гарын доогуур шургаж гарах бөгөөд үүнийг “тахимаа өгөх” гэнэ.

Энэ нь таныг хүндэлж явья гэсэн санаа, унаснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих